Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Ураг төрлийн учир холбогдол, нэршил

No description
by

Бямбадорж Ганбат

on 18 February 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Ураг төрлийн учир холбогдол, нэршил

Ураг төрлийн учир холбогдол, нэршил
УТС 4а - Г.Оюунтуяа
Удмын сан гэж юу вэ ?
Бүтэц
Ургийн бичиг, удмын түүх
Түүхэн ач холбогдол ?
Генийн сан гэж юу вэ ?
Ураг төрлийн нэршил
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний гарвал, шинж нь хоёр талын эцэг эх, өвөг дээдсээс салбарласан тэмдэглэлийг бид ургийн бичиг гэж ойлгож болно. Удмын түүх гэж хоёр талын хүмүүсийн цадиг намтрыг хэлж болох бөгөөд удмын түүхэнд хоёр талын оюуны үнэт өв, шашин шүтлэг, удмын эрүүл мэнд, хоёр талын овог удмыг нэртэй залгамжилсан хүмүүсийн ажил, амьдрал гэх мэт тухайн овог удмын түүхэнд холбогдох мэдээллүүд багтсан байдаг.
Өнөөдөр зарим гэр бүл ургийн бичгээ хөтөлдөггүйгээс болж ургийн овгоо мартах, “Боржигон” гэсэн овог хавтгайрч, Монгол улсын хүн амын нэлээд хэсэгт зонхилох хувийг эзлэх болжээ. Уг зүй нь бол овог гэдэг нь цус ойртохоос сэргийлсэн, удмын өвчин сэдрэхээс болгоомжилсон, дүү хүмүүс төрөл саднаа мэдэж байхад зориулагдсан билээ. Албан ёсны бүртгэлд “Боржигон” овогтой болчихсон бол жинхэнэ гарал үүслээ, өөрсдийн сайн мэдэх үеийн бусдаас ялгарах нэршлийг сонгон тодотгол хийх нь хэрэгтэй юм. Жишээ нь “Боржигон-дархан”, “Боржигон-бичээч”, “Боржигон-уяач”, “Чойрын боржигон”, “Галшарын боржигон” гэх мэтээр тодотговол хожмын өдөр хүүхдүүд удам зүйн сөрөг нөлөөллөөс сэргийлэхэд тусална.
Монголын ард түмний бүтээсэн түүх соёлын нэгэн уламжлал бол удам судар, ах дүү, үндэс угсаагаа мэдэх үйл байжээ. Ахан дүүгээ мэдэж таних ёсыг баримтлан журамлан хүндлэх нь ухаант хүний үйлдэн дээдлэх үйлийн нэг бөгөөд монголчууд ургийн бичгийг өрхийн түүх болгон хөтөлж, залгамж үедээ өвлүүлэн зааж сурган иржээ. Энэ нь ах дүү, төрөл саднаа мэдэн гал голомт, өмч хөрөнгөө хэндээ уламжлуулах, ах зах, эгч дүүгээ хэрхэн хүндлэх, удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг айл өрх бүрт заавал хөтлөдөг нэгэн түүхэн судар болжээ.
Өнөөдөр олон оронд тархаж суурьшсан, дэлхий дээр хамгийн олон хуваагдсан үндэстэн гэвэл Монголыг хэлэх байх. Европод халимаг, зүүн хойг ба төв Азид Буриадууд, Өвөрлөгчид, шинжаан уйгарын торгууд, Цастын монгол гэх мэт маш олон хуваагдсан байгаа энэ үед Монголоороо бахархах, Монголын овог удмын хөх толбот гарвал шинжээ хэвээр нь хадгалахыг хаана хаанаа эрхэмлэж ирсэн байна. Түүнийг бидний залуу үе мэдэж, хүндэлж, дээдэлж явах ёстой юм. Өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс, заншлыг одоо цаг үед хэрэглэх, баяжуулах, зарим нэгийг нь шинэчлэн өөрчлөх, дараа үедээ заах, сургаж өвлүүлэх ёстой юм. Тэгэхээр бид овог удмаа мэднэ гэдэг Монголчууд мөнхөд оршиж байгаагийн баталгаа юм.
Ургийн бичиг, удмын түүхээ хөтлөх нь өөрсдийн өвөг дээдэс, садан төрөл, тэдний ажил үйлс, амьдралын замналыг нь олж мэддэг. Тэгснээрээ хол, ойрын садан хүмүүс харилцан туслалцах, ядарснаа өргөн тэтгэх, ах захаа хүндэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцах зэргээр ах дүү, элгэн садны журмыг сахидаг байв. Ураг төрлийн дотроос хэн нэг нь тэрс хэрэг үйлдсэн бол удмын түүхэнд тодорхой тэмдэглэн үлдээдэг байжээ. Иймээс үеийн үед дамжин хадгалагдах удмын түүхэндээ хар толбо үлдээхгүйг хүн бүр хичээж, хэрэв ураг удмын дотроос ийм хүн гарвал "эцэг өвгөдийн ариун нэрийг бузарлав" хэмээн ихэд жигшидэг байсан бөгөөд нөгөө талаар энэ нь хүмүүжлийн асар их ач холбогдолыг өгдөг билээ.
Ургийн бичиг нь түүх соёлын ач холбогдолтойн зэрэгцээгээр удмын эрүүл мэндийн байдлыг мэдэх толь юм. Бие хүн үхэж үгүй болох авч хүний удмыг дамжуулан авч явдаг ген хэмээх гайхамшигт ертөнц ер мөхдөггүй мөнх ажээ. Чухамдаа хүний бие махбодийг бүтээгч эсийн дотор хромосом хэмээх биенцэр байдаг. Энэ биенцэрийн дотор ген орших бөгөөд ген үеэс үед үр хүүхдэд дамжин хадгалагдана. Эцэг эх хоёроос 50, 50 хувийн ген буюу адилхан хос 23 хромосомыг энэ тэнцүүгээр хүүхэд хадгалан төрөх бөгөөд хүний амьдралын үйл амжиллагаа нь түүний генийн сангийн шинж чанарт тулгуурлан явагддаг.
таны нүдний өнгө, царай зүс, зан төрх, явдал суудал, оюун ухаан зэргийг хадгалан дамжуулах ген хэдэн зуун жилийн өмнөх өндөр өвөг, эмгээс эхлэн бөлөнцөр сунжрах хүртэл өөрчлөгдөхгүй хадгалагдан байдаг. Ген устаж үгүй болохгүй, шинээр үүсэхгүй. Генийн өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд хор учирч удамшин дамжих өвчин үүснэ. Генийн өөрчлөлт, гэмтэл согогтой холбогдон үр удамд дамжих эмгэгийг удамшлын өвчин гэдэг. Удамшлын өвчинөөс сэргийлэх, удмыг хэвийн цэвэр ариун байлгахад хүн бүрийн эрхэмлэх хэдэн зүйл бий.
Үүнд:

1. Яс, угсаа, удам судар, ах дүү нараа сайн мэдэж ургийн бичиг хөтлөх
2. Ах дүү, төрөл төрөгсдийн хооронд гэр бүл үүсэж цусан төрлийн холбоо бий болохоос сэргийлэх
3. Генийн шинж чадвар, хэвийн байдалд муу нөлөөлөх хорт зуршилд автахаас болгоомжлох (архи, тамхи, мансууруулах эм, химийн бодис, цацрагийн нөлөө)

Эхийн хэвлийд үр тогтоохдоо эхээс нэг ген, эцгээс нэг ген заавал хослон хоорондоо нийлдэг. Эрүүл хүнд ч түүний генийн санд удамших өвчин үүсгэх 5-10 ген байдаг. Хоёр эмгэг ген эвсэлдэн хословол удамшлын өвчтэй хүүхэд төрдөг. Цусан төрлийн хүмүүс гэр бүл болоход эмгэг генүүд хоорондоо хослон нийлэх илүү бололцоотой учраас тэдгээрийн хүүхдийн тодор төрөлхийн гажиг, удамшлын өвчтэй хүүхэд илүү илэрч удамшлын өвчин нэмэгдэнэ. Мөн хүүхдийн бие бялдар, эрүүл чийрэг чадвар, өсөлт бойжилт муудна. Цусан төрлийн гэр бүлд энэ үзэгдэл нь ихэвчлэн жич, зээнцэрийн хүүхдийн хооронд тохиолддог.
Хувь хүний генийн сан нэн баялаг, хичнээн олон үр удам төрүүлнэ төдий чинээ түүний үрийн санд үүсдэг гений олон хувилбар хоршлууд үр удмууддаа аль болох бүрэн дамжих боломж нээгддэг. Гэвч бодит амьдрал дээр хүн бүр өөрийн генийн сангийн тодорхой хувийг л үр удмууддаа дамжуулдаг. Генийн сангаас дамжиж буй тэр тодорхой хувийг "удмын сан" хэмээн нэрлэх нь зүйд нийцэх юм. Ийм учраас манай монголчууд тухайн үе удмын генийн сангаас дараачийн үе удамд удамшин дамжиж буй тодорхой хэсгийг "удмын сан" хэмээн нэрлэн заншиж байна. Эмэгтэй хүний хүүхэд төрүүлэх биологийн боломжит нас 15 насанд эхэлж, 50 насанд зогсоно гэвэл түүний нөхөн үржихүйн хугацаа 35 жил үргэлжилнэ гэсэн үг. Сар бүр боловсордог эмэгтэй хүний улаам шимээс (өндгөн эсээс) хүүхэд төрүүлээд байвал 35 жилд 420 хүүхэд төрөх болно. Энэ бол бодит амьдрал дээр үл хэрэгжих тохиолдол.
Хэрэв эмэгтэй хүний төрөлт хоорондын хугацааг 1; 1.5; 2 жилийн зайтай гэж тооцвол 35 жилийн хугацаанд нэг эмэгтэй 35.0; 23.0; 18.0 хүүхэд тус тус төрүүлэх боломжтой. Дөрвөн хүүхэд төрүүлсэн гэр бүл бол төрүүлэх боломжтой 35.0; 23.0; 18.0 хүүхдийнхээ дөнгөж 11.4%; 17.4%; 22.2% -г л тус тус төрүүлжээ гэсэн үг болно. Хэрэв хоёр хүүхэд төрүүлбэл энэ тоо 5.7%; 8.7%; 11.1% болж тус тус хоёр дахин багасна. Өөрөөр хэлбэл нэгэн гэр бүл үр хүүхдүүд байдлаар дараачийн үр удамдаа өвлүүлэх боломжтой генийн сангийнхаа тун өчүүхэн хувийг л удмын сан байдлаар өвлүүлж буй хэрэг.
Хэтэрхий цөөн хүн амтай манай монгол орны хувьд ийм үзэгдэл нь үндэстний генийн сангаасаа үр удамдаа дамжуулах удмын сангийн юугаар ч үл орлуулах асар их баялаг хөгжлийн нөөцийг алдсаар байгаад харамсаад баршгүй хохирол. Ийнхүү хувь хүний эцэг эхийн генийн сангаасаа өвлөн авсан удмын сан бол түүний оюун ухаан, бие бялдарын хөгжил, өвчин эсэргүүцэх, урт наслах чадвар, байгал, нийгмийн юмс үзэгдлийн мөн чанарыг танин ойлгох, өөрийн авьяас билэг, чадвараа нээн илрүүлж насан туршийн амьдралаа тэтгэх, улс үндэстнийхээ хөгжилд өөрийн гэсэн хувь нэмэр оруулахуйц ажил мэргэжлээ зөв онож сонгоход тулгуур хөрс нь болдог ажээ.
Цус ойртолт
Албан ёсоор нөхөр, эхнэр болон ураг холбосон эр, эмийн нөхөн үржихүйн холбоог хүн амын генетикийн ухааны томъёоллоор гэр бүл хэмээдэг. Нэг эцэг, эхээс гаралтай, тэдгээртэй болон өөр хоорондоо генийн сангийнхаа тодорхой хувиар ураг, төрлийн холбоо бүхий хүмүүс хоорондоо ураг холбож гэрлэхийг хүн амын генетикийн ухаанд цус ойртсон гэрлэлт буюу товчоор цус ойртолт гэдэг. Хүн амын доторх цус ойртолтын хэлбэрийг "шууд цус ойртолт", "алсуур цус ойртолт" хэмээн хоёр ангилдаг.
Шууд цус ойртолт

Нэгэн гэр бүл болж ураг холбосон эцэг, эхээс заяасан генийн сангийн тодорхой хувиар хоорондоо ахан дүүсийн төрлийн холбоотой буюу өөрөөр хэлбэл энэхүү ахан дүүсийн төрлийн холбоо бүрэн арилж хоорондоо цэвэр "хар элэгтэй" болоогүй хүмүүсийн гэрлэлтийг цус ойртсон гэрлэлт буюу товчоор цус ойртолт хэмээн нэрлэдэг. Генийн сангийн тодорхой хувиар төрлийн холбоотой дор дурьдсан хүрээний цус ойртсон гэрлэлтүүд хүн амын дотор илэрдэг. Тухайлбал:

1. Нэгэн эцэг, эхээс үүсэлтэй ахан дүүсийн үр удмууд хоорондоо гэрлэх
2. Эцгийн, эсвэл эхийн талаар төрлийн холбоо бүрэн арилаагүй хүмүүс хоорондоо гэрлэх
3. Эцгийн эцэг эх, эхийн эцэг эхийн талаар төрлийн холбоо бүрэн арилаагүй хүмүүс хоорондоо гэрлэх зэрэг болно.
Алсуур цус ойртолт

Хүн амын хөдөлгөөнийг тэтгэх дэд бүтэц сайтар хөгжөөгүй, газарзүйн байршлаар хоорондоо алслагдмал хэтэрхий сийрэг нягтралтай (суурьшилтай) засаг захиргааны хэт жижгэрсэн бүтэцтэй нөхцөлд нэг нутаг усныхан олон үе удам дамнан хоорондоо гэрлэх явдал давамгайлдаг. Үүний үр дүнд газарзүйн зай, засаг захиргааны удирдлага, үйлчилгээний хязгаарлагдмал хүрээнд баригдсан, нутаг усны хараа бараа, танил талын хүрээнд хүлэгдмэл гэрлэлтийн бүр жижгэрсэн бүлэглэлүүд үүсдэг жамтай. Энэ үзэгдэл нь хүн амын дотор алсуур цус ойртолтыг нөхцөлдүүлдэг ба энэ нь шууд цус ойртолтод нэмэлт нэрмээс болдог учиртай.
Манай ардын заншлаар хүний ураг нь ясан төрөл, цусан төрөл, махан төрөл гэж ялгагддаг бөгөөд эцгийн талыг “ясан”, эхийн талыг “цусан”, үр хүүхдээ “махан” төрөлд хамааруулдаг. “Ясан” төрлийн гол зангилгаа нь эцэг, “цусан” төрлийнх эх юм. Ясан төрлийн хажуу шугам авга, цусан төрлийнх нагац болно.

Төрөл. Эцгийн талын нэг овог угсааны ясан төрлийнхөн болно.
Садан. Эхийн талын нагац нар болон авга эгч нар хүргэд ба тэдний хүүхэд багтана.
Сүлбээ. Холын садан. Дам садан ч гэдэг. Эцэг эхийн төрөл садангаас холдуу өөр овгийн хамаатан болно. Худ, худгай гэж бэр богтлон авч, охиноо буулган өгсөн хоёр талынхан бие биендээ худ ураг бололцоно.
Эцгийн талын төрлийг дуудах нь



Эцэг - Өөрийг төрүүлсэн хоёр ачтаны эрэгтэйг эцэг гэнэ. Мөн аав ч гэдэг.
Хадам эцэг - Эхнэр, нөхөр хоёрын эцэг нь хоёр хосод харилцан хадам эцэг болно.
Хойд эцэг - Эцгийн дараа эхтэй нь ханилсан нөхөр.
Өргөсөн эцэг - Бас тэжээсэн эцэг гэдэг. Биеийг гэртээ өргөн авч үрчлээд өөрийн хүү (охин)-гээ болгосон эрэгтэйг өргөсөн эцэг буюу тэжээсэн эцэг гэнэ.
Хөхөлт эцэг - Хөхүүлсэн эхтэй адил.
Мөргүүлсэн эцэг - Бэр буулгахад хүүхний үсийг хагалсан ивээл жилтэй эмэгтэйн нөхрийг хэлнэ.
Хуурай эцэг - Бас шургуулсан эцэг ч гэдэг. Ямар нэгэн шалтгаанаар хүүхэд тогтохгүйгээс олон хүүхэдтэй хүний хормой доор шургуулах, түшиж тулах хүнгүй (хөрөнгөгүй) буюу ядуучууд халуун элэгтэнг олж түших, зорьсон хүслийг биелүүлэхийн төлөө баян, ноён хүнийг түших зэрэг бусад овог угсааны хүнд хадаг талбин мөргөж эцэг болгосныг хуурай эцэг гэнэ. Хуурай эцгийн гэргийг хуурай эх гэнэ.

Эхийн талын төрлийг дуудах нь



Эх - Өөрийг нь төрүүлсэн эмэгтэй хүн. Ээж, мөөм, эм (эх гэсэн манж үг), эцэг эх гэдэг үгийн эх.
Хадам эх - Эр, эм хоёрын эрийн эх эмд, эмийн эх эрд харилцан хадам эх болно. Энэхүү яс махны төрөл саднаас гадна бас сүлбээ болох эхийн дуудлага олон бий.
Хойт эх - Эхийн дараа эцгийн хууль ёсоор урагласан эмэгтэй.
Өргөлт эх - Бас тэжээсэн эх гэдэг. Биеийг гэртээ өргөн авч үрчлээд өөрийн хүү (охин)-гээ болгосон эмэгтэйг өргөлт эх буюу тэжээсэн эх гэнэ.
Хөхөлт эх - Нялх үед эхийн сүү дутагдсанаас буюу эсвэл ямар нэгэн шалтгаанаас бусдын бүсгүйг залж хөхүүлж өсгөсөн тэр эхнэрийг хөхөлт эх гэнэ. Хөхөлт эхийн эрийг хөхөлт эцэг гэнэ.
Мөргүүлсэн эх - Охин ураглаж үс хагалан гэзэг эвхэх үе, хар цагаан үр тэгш (хүү, охин бүрэн) ивээл жилтэй эмэгтэйг залж үсээ хагалуулаад эх болгодог. Энэ эмэгтэйг мөргүүлсэн эх гэдэг.
Хуурай эх - хуурай эцэгтэй адил

Өвөг эцэг, эмэг эхийн төрлийг дуудах нь



Өвөг - Эцгийн эцэг болой.
Хадам өвөг - Хадам эцгийнхээ эцгийг эхнэр, нөхөр хоёр харилцан хадам өвөг гэнэ. Энэхүү яс махны хэлхээнээс гадна бас сүлбээ болох дуудлага бий.
Хойт өвөг - Өвгийн дараа эмэгтэй хууль ёсоор ураглан суусан нөхөр.
Хөхөлт өвөг - Эцгийг хөхүүлж өсгөсөн эхийн нөхрийг хөхөлт өвөг гэнэ.
Мөргүүлсэн өвөг - Эхийн мөргүүлсэн эхийн нөхрийг хэлнэ.
Өргөлт өвөг - Эцгийн өргөлт эцгийг өргөлт өвөг гэнэ.
Хуурай өвөг - Эцэг эхийн хуурай эцгийг хуурай өвөг гэнэ.



Эмэг - Эцгийн эхийг эмэг гэнэ.
Хадам эмэг - Эр эм хоёр хадам эцэг эхийнхээ эхийг харилцан хадам эмэг гэнэ. Энэхүү яс цусны төрөл саднаас гадна бас сүлбээ болох эмгийн дуудлага бий.
Хойт эмэг - Эцгийн хойд эхийг хойд эмэг гэнэ.
Хөхөлт эмэг - Эцгийг хөхүүлж өсгөсөн эхийг хөхөлт эмэг гэнэ.
Мөргүүлсэн эмэг - Эхийн мөргүүлсэн эхийг хэлнэ.
Өргөлт эмэг - Эцгийн өргөлт эхийг өргөлт эмэг гэнэ.
Хуурай эмэг - Эцэг эхий хуурай эцгийн гэргийг хуурай эмэг гэнэ.

Элэнц өвөг, элэнц эмгийн төрлийг дуудах нь



Элэнц өвөг - Эцгийн өвгийг элэнц өвөг гэнэ. Элэнц хэмээх үгтэй эцэг гэдэг нэр нийлж элэнцэг хэмээх үг үүсжээ. Эл хан Өлзийтийн 1305 оны бичигт элэнцэг гэж буй. Мөн XIV зууны эхэн үед зохиогдсон судрын чуулганд “элэнцэг” гэж бичжээ. Ойр үеэс хүмүүс элэнцээ үзэх нь ховордсоноор элэнцээс дээших үе дуудлага (хадам элэнц өвөг, хойт элэнц өвөг, өргөлт элэнц өвөг ... гэх мэт) нь ч цөөхөн дурдагдах болжээ. Гэвч энэхүү үе дуудлага нь нэгэнт өндөр өвөг хүртэл тогтож хэвшжээ. Үүнийг мэдсэний суурь дээр бид тэр бүхнийг бичихгүй, гагцхүү махан төрлөө гол болгож, өвөг дээдэс хүртэл доор танилцуулъя.
Хуланц өвөг - Өвгийн өвгийг хуланц өвөг гэнэ. Өөрөөр хэлбэл хуланц элэнцгийн эцэг, биеийн дөрөвдэх дээд үе. Үг хураагдах ёсны дагуу хулан, эцэг гэдэг хоёр үг хоршин нийлж хуланцаг хэмээх нэр үүсчээ. Бичигт гол төлөв хуланц хэмээн тэмдэглэгдэж, ам ярианд хуланцаг хэмээх боловч Хувилай хааны үед зохиогдож VI зууны үед Ордосын хутагтай сэцэн хун тайжийн засварлан уламжилсан “Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүхэнд”: “хуланцэг” гэж бичжээ.
Элэн өвөг - Элэнц өвгийн өвгийг элэн өвөг гэнэ.
Хулан өвөг - Хуланц өвгийн өвгийг хулан өвөг гэнэ.
Холбоо өвөг - Элэн өвгийн өвгийг хэлнэ.
Өндөр өвөг - Хулан өвгийн өвгийг хэлнэ.
Өвөг дээдэс - Яс махны төрөл угсааг үүсгэсэн дээд үеийн хүнийг хэлнэ.



Элэнц эмэг - Эцгийн эмгийг элэнц эмэг гэнэ. Элэнцгийн эх, өөрөөс дөрөв дэх дээд үе.
Хуланц эмэг - Өвгийн эмгийг хуланц эмэг гэнэ.
Элэн эмэг - Элэнц өвгийн эмгийг элэн эмэг гэнэ.
Хулан эмэг - Хуланц өвгийн эмгийг хулан эмэг гэнэ.
Холбоо (холбуга) эмэг - Элэн өвгийн эмгийг хэлнэ.
Өвөг эмэг - Хулан өвгийн эмэгийг хэлнэ.
Өвөг дээдэс - Яс махны төрөл угсааг үүсгэсэн дээд үеийн хүнийг хэлнэ.

Биеэс дооших үеийн төрлийн хоорондох дуудлага



Бие - Өөрийг зааж буй. Дээш, доош арван есөн үеийн дундахь үе.
Бэр - Өөртэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйг бэр гэнэ. Бэр гэдэг үгэнд өөрт буулгасан эмэгтэй гэсэн гол утга байхаас гадна бас өөрөөс дооших олон үеийн хууль ёсоор хуримлаж авчирсан өөр овгийн охидыг заасан бас нэг утга бий. Жишээлбэл: бэр, дүү бэр, хүү бэр, жилийхүй бэр, талийхүй бэр гэх мэт.
Хүү - Өөрөөс төрсөн хүүхдийн эрэгтэйг хүү гэх, эмэгтэйг нь охин гэнэ.
Хүү бэр - Хүүд хууль ёсоор хуримлаж авсан бусад овгийн эмэгтэйг хүү бэр гэнэ.
Ач хүү - Бас омбол гэдэг. Хүүгийн хүүг ач хүү гэнэ. Очи (ач) гэдэгт гал голомтыг сахин сэргээх гэсэн утгатай. Бэр (ач бэр) очи хүүд хууль ёсоор хуримлаж буулгасан бусад овгийн эмэгтэйг очи (омбол) бэр гэнэ.
Жич хүү - Бас томбол гэдэг. Очи хүүгийн хүүг жич (томбол) хүү гэнэ.
Жич бэр - Жич хүүд хууль ёсоор хуримласан бусад овгийн эмэгтэйг жич (томбол) бэр гэнэ.
Гуч хүү - Жич хүүгийн хүүг гуч хүү гэнэ.
Гуч бэр - Гуч хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг гуч бэр гэнэ.
Жичинцэр хүү - Гучаас төрсөн хүүг жичинцэр хүү гэнэ.
Жичинцэр бэр - Жичинцэр хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг жичинцэр бэр гэнэ.
Гучинцар хүү - Жичинцэр хүү бэрээс төрсөн хүүг гучинцар хүү гэнэ.
Гучинцар бэр - Гучинцар хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг гучинцар бэр гэнэ.
Жихүй хүү - Гучинцар хүү бэрээс төрсөн хүүг жихүй хүү гэнэ.
Жихүй бэр - Жихүй хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг жихүй бэр гэнэ.
Жилийхүй хүү - Жихүй хүү бэрээс төрсөн хүүг жилийхүй хүү гэнэ.
Жилийхүй бэр - Жилийхүй хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг жилийхүй бэр гэнэ.
Талийхуй хүү - Жилийхүй хүүгээс төрсөн хүүг талийхуй хүү гэнэ.
Талийхуй бэр - Талийхуй хүүд хууль ёсоор хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг талийхуй бэр гэнэ.

Биеэс хөндлөн үеийн төрлийн хоорондох дуудлага



Бие - Өөрийг зааж буй. Дээш, доош арван есөн үеийн дундахь үе.
Ах - Нэг эхээс төрсөн (эсвэл эцэг нэгтэй эх өөр буюу эх нэгтэй эцэг өөр) биеэс насаар их эрэгтэйг ах гэнэ.
Төрсөн ах - Нэг эцэг эхээс төрсөн биеэс насаар их эрэгтэйг төрсөн ах гэнэ. Энэхүү гол төрлийн ах дүүгээс гадна бас олон ах дүү бий. Хадам ах, гэрийн ах, журмын ах, цусаа ууж андгайлсан өөр овгийн анд гэх мэт.
Энгийн ах - Айл аймаг, танил дасал болсон өөрөөс насаар их эрэгтэйг хэлнэ.
Бэргэн - Ахын гэргийг хэлнэ. Ахын бүсгүй гэсэн гол утгатай бөгөөд нөгөө талаас өөрий биеэс дээших бусад овгоос буулган авсан эмэгтэйчүүдийн нийт дундын дуудлага. Жишээлбэл: бэргэн, авга бэргэн, авга бэргэн эх, аваг эх гэж дууддаг.
Авга - Эцэгтэй хэвэл нэгтэн ах дүү болно. Эцэгтэй нэг эхээс төрсөн ах дүү үеийнхэн гэсэн гол утгатай бөгөөд эцгээс насаар ихийг нь их авга, насаар багыг нь бага авга гэнэ. Хэрвээ хэд хэдэн их буюу бага авгатай бол тэд нарыг хооронд нь бие байдал, зүс өнгө, зан ааль зэргээр ялган дууддаг. Жишээлбэл: гуравдугаар бага авга, өндөр авга, ширэн авга, намхан авга гэх мэт.
Авга бэргэн - Авгын эхнэрийг хэлнэ.
Авга эгч - Эцэгтэй эх нэгтэй эмэгтэйг авга эгч гэнэ.
Авга хүргэн ах - Авга эгчтэй хууль ёсоор хуримласан эрэгтэй хүн буюу аавын үеийн хүнийг хэлнэ.
Авга эцэг - Өвөөгийн төрсөн ах дүү болон эцгийн төрлийн ахмад хүнийг хэлнэ.
Авга эх - Авга эцгийн гэргийг хэлнэ.
Авга өвөг - Элэнц өвгийн төрсөн ах дүүс болно.
Авга эмэг - Авга өвгийн гэргийг хэлнэ.
Авга элэнц өвөг - Хуланц өвгийн төрсөн ах дүүс.
Авга элэнц эмэг - Авга элэнц өвгийн гэргийг хэлнэ.
Авга хуланц өвөг - Элэн өвгийн төрсөн ах дүүс. Авгаас дөрвөн үе дээр болно.
Авга хуланц эмэг - Авга хуланц өвгийн гэргийг хэлнэ.
Авга элэн өвөг - Хулан өвгийн төрсөн ах дүүс бөгөөд авгаас таван үе дээр болно.
Авга элэн эмэг - Авга элэн өвгийн гэргийг хэлнэ.
Авга хулан өвөг - Холбоо өвгийн төрсөн ах дүүс бөгөөд авгаас зургаан үе дээр болно.
Авга хулан эмэг - Авга хулан өвгийн гэргийг хэлнэ.
Авга холбоо өвөг - Өндөр өвгийн төрсөн ах дүүс бөгөөд авгаас долоон үе дээр болно.
Авга холбоо эмэг - Авга холбоо өвгийн гэргийг хэлнэ.
Авга өндөр өвөг - Уг дээдэстэй төрсөн ах дүү бололцох бөгөөд авгаас найман үе дээр болно.
Авга өндөр эмэг - Авга өндөр өвгийн гэргийг хэлэх бөгөөд авгаас найман үе дээр болно.

Эхийн талын төрлийн хоорондох дуудлага



Нагац - Эхтэй хүй нэгтэй хүнийг хэлнэ. Мөн авгатай адил эхийн талын дээд нэгэн үеийг заасан нэрийдэл бөгөөд эцгээс насаар ихийг нь их нагац, насаар багыг нь бага нагац гэнэ. Хэрвээ хэд хэдэн их буюу бага нагацтай бол тэд нарыг хооронд нь бие байдал, зүс өнгө, зан ааль зэргээр ялган дуудна.
Нагац бэргэн - Нагацтай хууль ёсоор хуримлан суусан хүн бөгөөд эхийн бэргэн болно.
Нагац аав - Эхийн эцгийг хэлнэ.
Нагац эх - Эхийн эхийг хэлнэ.
Нагац өвөг - Эхийн өвгийг хэлнэ.
Нагац эмэг - Эхийн эмэг эхийг хэлнэ.
Нагац эгч - Эхийн эгч буюу охин дүүг хэлнэ.
Нагац хүргэн ах - Нагац эгчийн нөхөр буюу эхийн дүү хүргэн.
Дүү - Эх нэгтэй буюу биеэс насаар бага хүнийг дүү гэнэ.
Төрсөн дүү - Эцэг эх нэгтэй буюу эсвэл эцэг нэгтэй эх өөртэй өөрөөс насаар бага хүнийг төрсөн дүү гэнэ.
Дүү бэр - Эх нэгтэй эрэгтэй дүүгийн хуримлан буулгасан бусад овгийн эмэгтэйг хэлнэ.
Үеэл ах - Өвөг нэгтэй ах дүү буюу ах дүү хоёрын хүүхэд хоорондоо үеэл ах дүү болно.
Үеэл бэргэд - Үеэл хүүхэдтэй гэрлэсэн бусад овгийн эмэгтэйг хэлнэ.
Хаяал ах дүү - Элэнц нэгтэй ах дүү буюу үеэл ах дүүгийн хүүхдүүд хоорондоо хаяал ах дүү бололцоно.
Хаяал бэргэд - Хаяал хөвгүүдэд хууль ёсоор хуримласан бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
Үе ах дүү - Хуланц нэгтэй ах дүүс буюу хаяал ах дүүгийн хүүхдүүд хоорондоо үе ах дүүс бололцоно.
Үе бэргэд - Үе хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
Хая ах дүү - Элэн өвөг нэгтэй ах дүү буюу үе ах дүүгийн хүүхдүүд хоорондоо хая ах дүү бололцоно.
Хая бэргэд - Хая хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
Үенцэр ах дүү - Хулан өвөг нэгтэй ах дүү буюу хая ах дүүгийн хүүхдүүд хоорондоо үенцэр ах дүү бололцоно.
Үенцэр бэргэд - Үенцэр хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
Хаянцар ах дүү - Холбоо өвөг нэгтэй ах дүү буюу үенцэр ах дүүгийн хүүхдүүд хоорондоо хаянцар ах дүү бололцоно.
Хаянцар бэргэд - Хаянцар хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
Төрлийн ах дүү - Өндөр өвөг нэгтэй ах дүү буюу хаянцар ах дүүгийн хүүхдүүд хоорондоо төрлийн ах дүү бололцоно.
Төрлийн бэргэд - Төрлийн хөвгүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлнэ.
Аймгийн ах дүү - Уг дээдэс нэгтэй ах дүүс буюу төрлийн ах дүү нарын хүүхдүүд хоорондоо аймгийн ах дүү бололцоно.
Аймгийн бэргэд - Аймгийн хүүхдүүдтэй хууль ёсоор гэрлэсэн бусад овгийн эмэгтэйчүүдийг хэлэх бөгөөд хол төрлийн бэргэд болно.

Ураг төрлийн нэрийн зүйл
Биеэс доор нэг үеийн хүүхэд хоорондох дуудлага



Үеэл ах дүү - Ах дүү хоёрын хүүхэд хоорондоо үеэл ах дүү (эгч, охин дүү) гэж дуудалцана. Овог нэгтэн.
Бүл ах дүү - Эгч, охин дүү хоёрын хүүхэд хоорондоо бүл ах дүү (эгч, охин дүү) гэж дуудалцана. Бусад овогтон.
Нага (дагар) - Ах, охин дүү буюу эсвэл эгч, хүү дүү хоёрын хүүхэд хоорондоо нага ах дүү гэж дуудалцана. Нага гэдэг нь нэг үеийн хүүхэд хоорондоо дуудалцсан ижил үеэ үзүүлсэн дуудлага байлаа. Хожим энэ үг нь нагац гэдэг үгтэй хутгалдаад яваандаа нагац гэдэг үгийг орлож нага аав, нага ээж гэж дуудсаар сунжирчээ. Монгол дуудлагаар ёсчлон дуудвал энэ хоёр үгийг ялгааг мэдэж болно. Монголын төрөл угсааны дуудлага “авга, нага” гэдэг хоёр үг нэг үеийг заадаг. Жишээлбэл: эхийн ах, бэргэн буюу дүү, дүү бэр өөрт нагац ах, нагац бэргэн гэж дуудагдана. Энэ нь нагац гэдэг үгийн дээр нэг үеийг зааж буй. Гэтэл нага гэдэг нь тэрхүү нэгэн үеийг зааж үл чадна. Дагар гэдэг үг нь дагурчуудын хүү, зээ, ах дүүгээ харилцан дуудах дуудлага. Мөн тэр хавийн зарим монголчууд бас ингэж дуудалцдаг. Гэвч энэ нь тун бага юм. Бүл гэдэг нь эгч, охин дүү хоёрын хүүхэд хоорондоо харилцан дуудалцдаг дуудлага.
Наганцар (нагын хүүхэд) - Бие ба эгч (охин дүү) нарын хоёрдугаар үеийн хүүхэд, мөн нага ах дүүгийн хүүхэд хоорондоо нагац ах дүүс болно.
Бүлэнцэр - Бие, бүлийн хүүхдүүдийг бүлэнцэр гэж дуудах ба бүл ах дүүс хоорондоо бүлэнцэр ах дүү болно.
Ач - Ах буюу эрэгтэй дүүгийн хүүхэд өөрт ач хүү болно. Энэ үг нь удам угсааны ач салаа үе гарал гэсэн утгатай.
Ач бэр - Ач хүүтэй гэрлэсэн өөр овгийн эмэгтэйг хэлнэ.
Ачинцар - Ач хүүгийн хүү, өөрийн ахын ач хүү.
Ачинцар бэр - Ачинцар хүүтэй гэрлэсэн бэр.
Зээ - Эгч ба охин дүүгийн хүүхэд, өөрт зээ болно.
Зээ бэр - Зээ хүүд ёслож буулгасан бэр.
Зээнцэр - Зээ хүүгийн хүү, өөрийн эгч буюу охин дүүгийн хүү болно.

Хадмын талын өөрөөс дорогш төрлийн хоорондох дуудлага



Баз - Эгч, охин дүү хоёрын нөхөр биесээ баз гэнэ. Бас гуя баз гэх ч бий.
Авьсан ажин - Ах дүү хоёрын эхнэрүүд хоорондоо авьсан ажин бололцох бөгөөд авьсан нь ахын гэргий, ажин нь дүүгийн гэргий болно.
Хүр дүү - Эхнэр(Нөхөр)-ийн эрэгтэй дүү.
Хүр дүү бэр - Эхнэр(Нөхөр)-ийн дүүгийн эхнэр.
Хүр охин дүү - Эхнэр(Нөхөр)-ийн охин дүү.
Хүр хүргэн дүү - Эхнэр(Нөхөр)-ийн охин дүүгийн нөхөр.


Анхаарал хандуулсанд баярлалаа :D
Full transcript