Introducing
Your new presentation assistant.
Refine, enhance, and tailor your content, source relevant images, and edit visuals quicker than ever before.
Trending searches
Монголчууд бид байгалиа хайрлан хамгаалж, орчинтойгоо зохицон аж төрөх талаар өнө эртнээс уламжлагдан ирсэн үндэсний бодлого, ёс заншил, амьдралын дадлага, мэдлэг, соёлтой, тэдгээрийг ард түмэн нь өөрийн өвөрмөц арга ухаан болгож уламжлуулан хэрэглэж чадсан дэлхийн ховорхон ард түмэн билээ. Монголчуудын байгаль орчинтой харьцах уламжлал нь байгаль орчныг хамгаалах сэтгэлгээг хувь хүнд төлөвшүүлэх хүмүүжлийн өвөрмөц арга болж монголын хүн амын ихэнх хэсгийн дотор эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн нь өнөөгийн шинжлэх ухааны томъёоллоор бүх нийтэд экологийн боловсрол, хүмүүжил олгох төрийн бодлогын уламжлалт шинж чанарыг нотлох нэг баримт гэж үзэж болно
Мод, усандаа хандаж харьцах зан үйл нь байгалиа энэрэн хүндэтгэж ирсэн уламжлалын нэг хэсэг юм. Тухайлбал, Монголын говь цөлийн хэсэгт нутагладаг ардууд заг, хайлаас, сухай модыг эрхэмлэн хүндэтгэдэг байсан бол хангай нутгийнхан бургас, хус, хуш, арц, яргай зэрэг модыг илүү хүндэтгэн хайрладаг байжээ. Байгалаа энэрэн хүндэтгэх ёс заншлийн дотор уул, усаа өргөн хүндэтгэсэн, зүйрлэн дүйцүүлсэн нэрээр нэрлэх уламжлал ч бас ердийн хэрэг байсангүй. Монголчууд Богд хан, Хустай хан, Онон хатан эжий, Хатан Туул, Хатан, Сэрвээ, Алтан овоо, Хан-Хөхий хэмээн зарим нутгаа өргөмжлөлийн нэрээр нэрлэх заншил түгээмэл байжээ. Түүнчлэн, уул, усны оноосон нэрийг дэргэд нь буюу ойр орчимд нь хэлдэггүй “өндөр хайрхан”, “алтай хангай”, “далай ээж” гэх мэтээр төлөөлүүлэн ярилцдаг байсан нь мөн л байгальд элэг сэтгэлтэй хандаж ирсэн бас нэг ухааны илрэл юм.
Байгалиа энэрэн хүндэтгэж ирсэн уламжлалын дотор ан амьтантай харьцах хандлага зан үйл багтах бөгөөд тэдгээрийг авлаж аж төрөх ёс нь энэрэн хүндэтгэх, танин мэдэхүйн ухааралд хатуу тулгуурлаж байжээ. Ан амьтны үржих, төлжих, үс арьс, тарга хүч гүйцэх цаг хугацааг нарийн танин мэдэж, зөв сонгон авч ан ав хийдэг, ангийн мах, арьс зэрэг олзвороо туйлаас хүндэтгэн, ариглан хэрэглэдэг байж. Олноороо ан гөрөөнд мордохдоо хүндэтгэлийн ёслол үйлдэл хийдэг дэг жаягтай, зөрчих ахул зан заншлын төдийгүй хууль цаазын цээрлэл хүлээдэг байжээ.
Хорио цээрлэлийн уламжлал нь энэрэл хүндэтгэлийг хэрэг дээрээ ёсчлон сахих зан үйлийг хэвшүүлэх арга ухаан болж, байгаль дэлхийдээ харьцаж, хандахдаа ямар үйлийг тэвчиж өнгөрөөх, байгалийн өөрөө нөхөн төлжих чадварыг хэвээр нь байлгахыг үр сад хойч үедээ ухааруулан мэдүүлэх олон талын үйл ажиллагаагаар илэрч байжээ. Тухайлбал, амьд байгалийн сэргээн төлжих, хавар зуны дэлгэр цагт өвс ногоо ургах үед газар шороогоо ухаж сэндийчих, нойтон мод, бут сөөг, гол горхи, булаг шандын эхний модыг огтлох, үр жимс, сонгино ургамлыг ихээр авч ашиглахыг хориглон цээрлэсээр ирсэн уламжлал монголчуудад эртнээс тогтсон юм.
Сургааль номлолын уламжлал нь байгалийн зүй тогтлыг танин ухаарч, байгалийг хайрлан хүндэлж, хориглон цээрлэснийг сахин дагаваас сайн үйлд, харин гажуудуулан тэрсэлдвээс муу үйлд өртөнө гэдгийг хувь хүнд итгүүлэн үнэмшүүлэх арга ухааныг аав, ээж нь үр хүүхдүүддээ, ах эгч нь дүү нартаа, ахмад буурлууд нь залуучууддаа өвлүүлсээр ирсэн арга ухаан юм. Ургаа нойтон мод огтолбол мод сүүн нулимсаар уйлж, огтолсон хүнийг сүү, цагаан идээний хомсдол, гачаалд хүргэдэг гэж сургадаг, ой хээрт гал түлэхдээ өвс ургамалгүй, хад чулуу, сайр элс бүхий газрыг сонгон авч “Хан эзэндээ ам гарахгүй, хангай дэлхийдээ түймэр тавихгүй” гэж андгайлаад хэтээ цахиж, галаа асааж, явахдаа галаа бүрэн унтраагаад түүний баталгаа болгож үнсэн дээрээ хуурай өвс тавьж явдаг туйлын нягт нямбай, хянуур зан заншлаа үе үедээ уламжлжуулж ирсэн юм. Сургааль номлолын уламжлалыг хүн ардад түгээн хэвшүүлэх нэг гол хэрэгсэл нь үлгэр туульс, домог, дуу, ерөөл магтаал зэрэг арвин баялаг аман зохиол, ардын тоглоом, наадгай байжээ.
Сүсэг бишрэлийн уламжлал нь далдын хүчин зүйлд бишрүүлэн итгүүлэх арга байсан гэж үзэж болно. Үүнийгээ хангай дэлхий, уул ус, ой хөвч, араатан жигүүртэн бүгдээрээ цаанаа харсан эзэнтэй, тэр бүхэнтэй сэтгэл санаанд нь үл нийцэх үг хэллэг, үйл ажиллагаагаар харьцаж хандвал лус савдаг хилэгнэж хорлол болдог гэсэн итгэл үнэмшлийг хүний ой тойнд суулгаж ухварлуулах арга замаар түгээн дэлгэрүүлдэг байжээ. Тэр нь гол төлөв лус савдгийг хүндлэн аргадаж мөргөл ёслол, залбирал үйлдэх, ном судар, тарни унших, бөө бөөлөх, мэрэг төлөг тавих, нүглийг тэвчих зэрэг шашны зан үйлээр дамжин илэрч байв.
Ажиглалт танин мэдэхүйн уламжлал нь байгаль, цаг уурын шинж байдал, элдэв үзэгдэл, хувирал өөрчлөлтийг зөвхөн зурхайн ухаанаар төдийгүй, ердийн ахуй амьдралын шинж төлөв, туршлагаараа урьдчилан танин мэдэж, тэдгээрт мал аж ахуйн хийгээд бусад ажил үйлс, амьдрал ахуйгаа зохицуулсаар ирсэн арга ухаан юм. Байгалийг танин мэдэх уламжлал нь амьдрал ахуйн ердийн ажиглалтаар, тухайлбал мал сүрэг, ан амьтны үйл хөдлөл, нар сар, од эрхсийн байдал, хүний өөрийн бие эрхтний өөрчлөлт хувирал зэрэг шинж төлөвт үндэслэн баримжаа таамаглал хийж, түүнээсээ ургуулан дүгнэлтэд хүрдэг арга ухаанаар дамжин хэрэгжиж байжээ. Ажиглалт танин мэдэхүйн уламжлалын нэг гол онцлог нь хүн, байгаль хүйн уялдаа холбоотойгоор бие биедээ харилцан татагдаж, нэг нэгнээ шүтэлцэн түшиж оршин байдгийн утга учир, мөн чанарыг харуулж байдагт оршино.